Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2019-07-08

Дэлгэр зуны цэлгэр талдаа дэнж хотойлгон сайхан нааддаг ажилч хичээнгүй ард зондоо аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймгийн баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Бид бүхэн өвлийг өнөтэй давж, хавар цагийн нөр их ажлаа хавтай сайхан  амжуулж, зуны дэлгэр цагаар ийнхүү баяр наадмаа сэтгэл тэнүүн тэмдэглэж, намрын сэрүүнтэй урьтан хийх ажлаа төлөвлөн 4 цагийн эргэлтэд жаргалтайн дэлгэр Монгол орондоо эзэн нь болж төрсөнөөрөө бахархан амьдардаг билээ.

Энэ жилийн тухайд орон нутагтаа их бүтээн байгуулалтыг өрнүүлж олон жил яригдсан Алтай хотын иргэдийг ундны цэвэр усаар хангах төсөл, Баянхонгор - Алтай чиглэлийн засмал зам тавих ажлууд амжилттай эхэлж, улс, аймаг, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг нутаг орондоо шингээн, бүтээн байгуулалт дагасан түр болон байнгын ажлын байрууд нэмэгдэж, иргэдийн ая тух, амьжиргаанд тодорхой ахиц дэвшил гарч байгааг тэмдэглэхэд таатай байна.

Мөн түүнчлэн аймгийн хэмжээгээр бороо хур элбэг, жигд сайхан зун болж, зун зуншлага сайтай, хүний сэтгэл, малын зоо тэнэгэр, ирэх өвлийг ажралгүй давах бас нэг бэлтгэл хангагдаж байгаад хэн хүнгүй нэн баяртай байна.

Чухамдаа хөх тэнгэр, хөрст газартайгаа хүйн холбоотой, дэлхий ээжээ аргадан, шүтэж, үр шимээр нь амьдралаа дэвжээн тэтгэдэг Монгол хүний тухайд газрын доорх баялгаас илүүтэй газар дээрх нөхөн сэргээгддэг баялгаа түлхүү хайрлаж, цаашид түүхий эд, бүтээгдэхүүнд нь нэмүү өртөг шингээн, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэн, хөтлөх арга барил нэвтрүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих талаар иргэддээ ээлтэй, таатай бодлого баримтлан ажиллахаа илэрхийлье.

Наадмын налгар өдрүүдэд бөхчүүд маань одтой сайхан барилдаж улс, аймгийн шинэ цол хүртэцгээж, улс, бүсийн уралдаанд уяачдын маань ажнай хурдан хүлгүүд айраг түрүү олныг авч, эрхий мэргэн харваачид цэц мэргэн, гоц мэргэн болохын билэг ерөөл өргөе.

          Алтай нутгаа цэцэглүүлэн хөгжүүлэх үйлсэд өөрсдийн бүтээлч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй Та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндчилгээг дахин дэвшүүлж, баяр баясгалангийн дээд эв эе, энх мэндийн жаргаланг хүсэн ерөөе.

                                        ЭРХЭМ АЛТАЙЧУУД ТА БҮХЭН МИНЬ САЙХАН НАЙДААРАЙ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%